Спиронолактоны талаар бид юу мэдэх вэ?

Спиронолактон нь жороор олгодог шээс хөөх эмийн бэлдмэл юм. Биеийн шингэний тогтвортой, зөв харьцаанд барих зорилгоор хэрэглэдэг ч эмчилгээний нөлөөгөөр биеийн жин буурах нь түгээмэл юм.

Шээс хөөх эм нь бие дэх илүүдэл усыг гадагшлуулдаг боловч өөх тосны хэмжээнд өөрчлөлт оруулдаггүй. Мөн шээс хөөх эмийн бүлэг дундаас спиронолактон нь калийн хэмжээг бууруулахгүй, биед давс хуримтлагдахаас сэргийлнэ.

Үүгээр зогсохгүй спиронолактон нь андрогены рецепторт хориг үүсгэдэг учир эмэгтэйчүүдийн салбарт дааврын тэнцвэр алдагдах үед мөн хэрэглэдэг. Андроген даавар нь төмсөг, өндгөвч, бөөрний дээд булчирхайнаас ялгарна. Тестостерон нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоог хариуцдаг гол даавар ба эмэгтэйчүүдэд тестостерон нь эстроген болж хувирдаг.

Хэрэглээ

Эмэгтэйчүүдийн салбарт “Өндгөвч олон уйланхайжих эмгэг”-ийн үед толгойн үс ихээр унах, биед үсний ургалт эрс ихсэх зэрэг шинж тэмдэгийн эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг.

Зүрх, бөөр, элэгний шалтгаант эмгэг өөрчлөлтийн үед биеийн хаван, артерийн даралт бууруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг.

Спиронолактоныг дараах эмгэгийн үед мөн хэрэглэнэ.

Элэгний эмгэгийн шалтгаант хаван 

Цусны даралт ихсэлт 

Цусанд калийн хэмжээ буурах

Андроген дааврын ихсэлтийн шалтгаант эмэгтэйчүүдийн эмгэг 

Эмэгтэйчүүдэд тестостерон дааврын хэмжээ ихсэлтийн үед спиронолактоноор эмчилгээг хийх нь түгээмэл байдаг.

Андроген дааврын ихсэлттэй холбоотой эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэгүүд:

Батгашилт 

Биеийн үсжилт ихсэх 

Эмэгтэй хэлбэрийн үсжилт буурах 

Өндгөвч олон уйланхайжих 

Спиронолактон биеийн жин бууруулах нөлөөтэй юу?

Дэлхийн хүн амын дунд таргалалт, илүүдэл жингийн асуудал тахал мэт хүрээгээ тэлж байгаа өнөө үед тураах эм бэлдмэлийн хэрэглээ хяналтгүй болж байна.

Биеийн жин бууруулах жороор олгодог эмийн нэг нь спиронолактон юм. Шинжлэх ухааны талаас хийгдсэн судалгааны ажил цөөхөн бөгөөд биеийн жин буулгаж буй эмгэг жамын механизм нь одоогоор тодорхойгүй байна.

Спиронолактон нь биеийн хаван буулгаснаар биеийн жин буурдаг ч энэ нь өөхний эсийн шаталттай холбоогүй юм.

Зарим судалгаагаар спиронолактон нь биеийн өөхний хэмжээг бууруулдаг гэсэн үр дүнгүүд хэвлэгдсэн хэдий ч энэ нь өөхний хэмжээ буурахад спиронолактон шууд нөлөөлсөн гэсэн үг биш юм.

Эмэгтэйчүүдэд тестостероны түвшин ихсэхэд инсулины тэсвэржилт (биеийн жин буурахгүй болох)-ийг нэмэгдүүлдэг бөгөөд спиронолактон уг тэсвэржилтийг бууруулахад оролцсоноор эмэгтэйчүүдэд биеийн жин буух байдал ажиглагддаг байна.